Дүрэм журам


Батлав:                                             Ө.Ганпүрэв/ захирал/

Олон Улсын “Гүүр” Дээд Сургуулийн багшийн
мэргэжлийн ёс зүйн дүрэм

ОУГДС-ийн Сургалт арга зүйн
зөвлөлийн        оны    -р сарын    -ны  
өдрийн      дүгээр тогтоолын хавсралт №      .

Нэг. Нийтлэг зүйл

          1.1. Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт, судалгааны ажлын ахисан төвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй (биеэ авч явах ёс зүй)-н хэм хэмжээ, зан үйлийг төлөвшүүлэх, сургууль болон багшийн нэр төрийг хамгаалахад оршино.
         1.2.  ОУГДС-ийн багшийн мэргэжлийн ёс зүйн харилцааг БСШУ-ны Сайдын 2006 оны 482-р тоот тушаалаар батлагдсан “Их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий дүрэм”-ийг үндэслэн боловсруулсан энэхүү дүрмээр зохицуулна.
         1.3. Багшийн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн нөхцөл болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн ур чадвар, сургалтын эрх чөлөө, дээд боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд тулгуурлагдана. Энэхүү дүрэм нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.
Хоёр. Нэр томъёоны тайлбар
         Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
         2.1. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багш мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
         2.2. “Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ” гэж багш мэргэжилдээ үнэнч байх, нэр хүндийг хамгаалах, хүлээсэн үүргзэ чанд биелүүлэх талаар тогтоосон шалгууруудын цогцыг хэлнэ.
         2.3. “Багшийн ёс зүйн зөрчил” гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
         2.4. “Сургалтын эрх чөлөө” гэж дээд боловсролын мэдлэг бүтээх, эзэмших, түгээх үйл явц нь хараат бусаар явагдах, багш хичээлээ сурган, сэтгэл судлал заах арга зүйн шинжлэх ухааны үндэстэйгээр заах, оюутан өөрийн сонирхол, суралцах хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцлөөр хангагдах боломж бүрдэхийг хэлнэ.
         2.5. “Суралцагч” гэж тус сургуулийн өдөр, түр хэлбэрээр суралцаж буй оюутныг  хэлнэ.
Гурав. Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ
         3.1. Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэгч байх;
         3.2. Багш суралцагчийн сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх;
         3.3. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байх;
         3.4. Багш суралцагчтай харилцахдаа итгэл, хүндэтгэлийг эрхэмлэдэг байх.
         3.5. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийх;
         3.6. Багш хичээл заахдаа техник хэрэгслийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хэрэглэдэг байх;
         3.7. Багш судалгаа, шинжилгээний ажил хийх чадвараа хөгжүүлэхийн тулд өөрийгөө дайчилдаг байх;
         3.8. Багш сургуулиас гадуурх мэргэжлийн үйл ажиллагаанд оролцохдоо тус сургуульд гүйцэтгэх үүргийг эн тэргүүнд
               тавьдаг байх;
         3.9. Сургууль болон багш нарын оюуны бүтээл/сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, курс, дипломын ажил, сургалт болон
                 шалгалтын материал зэрэг/-ийг өөрийн хувийн эрх ашигт болон сургуулиас гадуур бусдад ашиглуулахгүй байх;
         3.10. Багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэшлийн өндөр түвшинд санаачлагатай, шударгаар биелүүлдэг байх;
         3.11. Багшийн хөдөлмөр, шударга ёс, энэрэнгүй үзлийн ёс зүйн зарчимд тулгуурлах.
Дөрөв. Багшийн мэргэжлийн эрх, үүрэг
         4.1. Багш нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан эрхээр хангагдахаас гадна дараах эрхтэй:
                4.1.1. Судалгаа, шинжилгээний ажил хийх, түүнийхээ үр дүнгийн талаар санал, зөвлөмж гаргах;
               4.1.2. Cургах үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт арга хэрэгслийг сонгон хэрэглэх;
               4.1.3. Боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрөө  зохион бичих болон
                          сонгон хэрэглэх;
               4.1.4. Сургалт, заах арга зүйн талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал, зөвлөмжөө гаргаж
                         шийдвэрлүүлэх;
               4.1.5. Бие дааж төхийн бус байгууллагыг удирдах, сургуулийн нийгэмд үзүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, нэр
                          хүндийг өсгөх.
        4.2. Багш нь дараах үүрэгтэй:
               4.2.1. Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, түүнд итгэх олон нийтийн итгэл
                         найдварыг бататгах;
               4.2.2. Мэргэжил мэдлэгээ тогтмол дээшлүүлэн, сайжруулах;
               4.2.3. Суралцагчдынхаа сурах ашиг сонирхол, сайн сайхан байдлыг дэмжиж хамгаалах;
               4.2.4. Суралцагч бүр өөрийн боломж, чадавхийг бүрэн ухамсарлан ойлгоход нь урам зориг өгч, удирдамж
                          чиглэлээр хангах;
               4.2.5. Хамтран ажиллагчдынхаа мэргэжлийн байр суурь, үзэл бодлыг хүндэтгэн бусдад зөвлөгөө, туслалцаа
                        өгөхөд бэлэн байх зэргээр нөхөрсөг хамт олонч хандлага болон багаар ажиллах чадварыг хөхүүлэн дэмжих;
               4.2.6.  Хуулиар эсвэл мэргэжлийн ашиг сонирхлын зорилгоор ил болгох шаардлагагүй  мэдээллийн нууцыг
                           хадгалах;
               4.2.7. Эрх зүй, захиргааны эрх болон хариуцлагын талаар мэдлэгтэй байх, хамтын гэрээ, суралцагчийн эрхийн
                          холбогдолтой заалтуудыг хүндэтгэх;
               4.2.8. Сургуулиас гаргасан дүрэм, журам заавруудыг даган мөрдөж хэрэгжүүлэх;
               4.2.9. Суралцагч болон эцэг эхчүүдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх, тэдэнд зөвлөх, туслах.

Тав. Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд үл нийцэх зохисгүй үйлдлүүд
       5.1. Суралцагчийн эрх ашгийг хохироох;
       5.2. Хичээл болон шалгалтын батлагдсан цагийн хуваарийг хүндэтгэх шалтгаангүй зөрчих;
       5.3. Суралцагчийн мэдлэг, чадварыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх;
       5.4. Бусдыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл
               бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах;
       5.5. Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт
              хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах;
       5.6. Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, хувийн эрх ашгийн зорилгоор ашиглах;
       5.7. Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах;
       5.8. Хичээл сургалтын үед хэт этгээд хувцаслах /этгээд жинсэн өмд, хэт богино даашинз өмсөх, гар утсаар ярих г.м./;
       5.9. Хичээл заах үедээ бусдын анхаарлыг сарниулах үйлдлүүд гаргах /тухайлбал, тамхи татах, бохь зажлах, гарч орох
               зэрэг/;
       5.10. Сургуулийн эд хөрөнгийг хувийн болон сургалтын бус зорилгоор ашиглах;
       5.11. Бусдыг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах;
       5.12. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх;
       5.13. Хувийн үзэл бодлоо сургууль, түүний нэгжийн байр суурь мэтээр зориуд санаатайгаар ойлгуулах;
       5.14. Хамт ажиллагчдаа  үл хүндэтгэлтэй харилцах, өөрийн явцуу үзэл бодлоо тулган шаардах;
       5.15. Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх;
       5.16. Хувь хүний болон байгууллагын нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих.

Зургаа. Ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх

       6.1. Захирлын зөвлөл ёс зүйн дүрэм зөрчсөн багшийн үйлдлийг магадлан судалж, дүгнэлт гарган
        6.2   Захирлын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлнэ.
       6.3. Багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг захиргааны зөвлөлийн
               өргөтгөсөн хурлын шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулан шийдвэрлүүлнэ.

                        Долоо. Ёс зүйн зөрчлийн шийтгэл

       7.1. Мэргэжлийн ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой заалтыг ОУГДС- ийн хөдөлмөрийн дотоод
               журамд тусгана.
       7.2. Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд МУ-ын хөдөлмөрийн тухай хууль
              болон сургуулийн дотоод журамд заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

No comments:

Post a Comment