Saturday, December 17, 2011

Оюутны зөвлөлийн дүрэм



Гүүр  коллежийн Бүх оюутны 2011
оны 10-р сарын 15-ны хурлаар шинэчлэн батлав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1  Байгууллагыг Гүүр коллежийн Оюутны зөвлөл гэнэ.
1.2  Оюутны зөвлөл нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, сургуулийн дүрэм, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, суралцагчдын эрх ашгийг хамгаалах, сурах, төлөвшихөд нь туслах оюутны өөрийн удирдлагыг байгууллага мөн.

1.3  Байгуулагдсан он, сар, өдөр: 2002 оны 10 сарын 1. Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нарны зам-139, ССМ-SPP Parish-н байр, Олон улсын Гүүр коллеж.
1.4  Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй байна.
Хоёр. Зорилго
2.1 “Оюутны эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааг хэрэгжүүлж, оюутны эрх ашгийг хамгаалах
2.2 Оюутны сурах, хөгжих, төлөвших үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
2.3 Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин туслах
2.4 Сургууль, хамт олны эрхэм зорилго, зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, сургуулиа хөгжүүлж бэхжүүлэх үйлсэд идэвх оролцоог байнга дээшлүүлэх
2.5 Сургуулийн захиргаанаас зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээнд оюутнуудаа зохион байгуулалттай, идэвхитэй оролцуулах

Гурав. Бүтэц, зохион байгуулалт
3.1 Тус сургуулийн суралцагч нь Оюутны зөвлөлөөс зохиож байгаа ажилд идэвхитэй оролцож, түүний үйл ажиллагааг дэмжинэ. Суралцагчид нь Оюутны зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох, сонгогдох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
3.2 Оюутны өөрийн удирдлагын эрх барих дээд байгууллага нь бүх оюутны хурал мөн.
3.3 Бүх оюутны хурал нь Оюутны зөвлөл, түүний бүрэлдэхүүнийг сонгож батламжлах, зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ.
3.4 Бүх оюутны ээлжит хурлыг нэг хичээлийн жилд 1 удаа зарлан хуралдуулна. Хурлын хэлэлцэх асуудлыг Оюутны зөвлөлөөс тогтоож, 14 хоногийн өмнө зарлана. Нийт оюутны олонхи, Оюутны зөвлөлийн гишүүдийн 2/3-аас дээш хувийн саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
3.5 Оюутны зөвлөл нь: зөвлөлийн дарга, 6 гишүүн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.6 Оюутны зөвлөлийн нийт бүрэлдэхүүнийг бүх оюутны хурлаас ил санал хураалтаар шууд сонгоно.
3.7 Оюутны зөвлөлийн ажлын ээлжит хуралдаан 14 хоног тутам тодорхой гаригт явагдана.
3.8 Ажлын хуралдааныг Оюутны зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд дэд дарга нь удирдах бөгөөд ирц 70%-иас дээш байх тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.
3.9 Оюутны зөвлөл нь дараах эрх эдэлнэ.
·         Жилийн төлөвлөгөө батлах
·         Ажлыг хэсэг байгуулах, татан буулгах
·         Дарга, дэд дарга, нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх
·         Журам, заавар батлах, өөрчлөх
·         Дүрэмд заагдсан бусад эрх
3.10 Оюутны зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь бүх гишүүдийн хурлаар батламжлагдсанаар эхэлж, дараагийн сонгуулиар дуусгавар болно.
3.11 Оюутны зөвлөл нь хэлэлцсэн асуулаар олонхийн саналаар шийдвэр гаргана.
3.12 Оюутны зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр хугацаанаас нь өмнө сонгуульт үүргээс нь чөлөөлж болно. Үүнд:
·         Гишүүн сургуулиа төгссөн болон сургуулиас хасагдсан
·         Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон
·         Оюутны зөвлөлийн байнгын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон
·         Дүрэм, журмын заалтыг ноцтой зөрчсөн
·         Өөрөө хүсэлт гаргасан
Оюутны зөвлөлийн дарга
3.13 Оюутны зөвлөлийн даргыг зөвлөлийн хурлаар ил санал хурааж, олонхийн саналаар сонгоно.
3.14 Оюутны зөвлөлийн дарга нь оюутан байна.
3.15 Оюутны зөвлөлийн дарга нь зөвлөлийн хуралдааныг даргалж, үйл ажиллагааг нь удирдана.
3.16 Дарга нь зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэж, шийдвэрээ тогтоолын хэлбэрээр гаргана.
3.17 Дарга нь Оюутны зөвлөлөө төлөөлж, төр засаг,  залуучууд, оюутны байгууллага, сургуулийн хэмжээнд оюутны талаар бодлого боловсруулахад оролцоно.
Дэд дарга
3.18 Оюутны зөвлөлийн дэд даргыг зөвлөлийн гишүүдийн хурлаар илээр санал хурааж, олонхийн саналаар сонгоно.
3.19 Дэд дарга нь шаардлагатай үед даргыг орлоно.
Нарийн бичгийн дарга
3.20 Нарийн бичгийн даргыг Оюутны зөвлөлийн даргын санал болгосноор мөн зөвлөлөөс сонгоэ ажиллуулна.
3.21 Нарийн бичгийн дарга нь Оюутны зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангах, хурлын тэмдэглэл, хөтлөн архивын материал бүрдүүлж, Оюутны зөвлөлийн даргын удирдлагын дор ажиллана.

Дөрөв. Бусад
4.1 Оюутны зөвлөлийн дүрмийг бүх оюутны дийлэнх олонхийн саналаар баталж, тогтоол гаргана.
4.2 Дүрэмд зөвхөн бүх оюутны дийлэнх олонхийн саналаар баталсан тогтоолыг үндэслэж, өөрчлөлт оруулж болно.
4.3 Дүрмийг тайлбарлах эрх Оюутны зөвлөлд хадгалагдана.
4.4 Оюутны зөвлөл нь бүх оюутны хурлаас баталсан загварын дагуу Логотой байж болно.
4.5 Оюутны зөвлөл нь улс төр, шашны үйл ажиллагаа явуулахгүй.



No comments:

Post a Comment